Б.Эрдэнэбаатар: БИД БУЯН БҮТЭЭЖ ЯВАА ХҮМҮҮС
Газар тариалангийн салбар бол хүний сэтгэлийг татах увидастай. Өвлийн хэдэн сар амрахад хавар хурдан болоосой, бушуухан салбар руугаа явах юм сан гэж хүлээдэг. Хүн ардаа эрүүл хүнсээр хангах үйлсэд өөрийн чадах зүйлээрээ хувь нэмэр оруулж, “Гацуурт” ХХК-д ажиллаж байгаадаа өөрөөрөө бахархдаг. Манай компани бол ХАА-н дэлхийд тэргүүлэгч машин механизм, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хүн ажил хийхэд гачигдах зүйлгүй компани. Байгалийн таагүй үзэгдэл, цаг уурын өөрчлөлтөөс үл хамааран манай компани монголынхоо ард түмнийг эрүүл хүнсээр хангаж байна. Бид улам сайн ажиллаж, олон нэр төрлийн бүтээгдэхүүн тариалж, дэлхийн зах зээлд импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж, зогсонги байгаа Монголын эдийн засгийг сэргээхийг цаашдын зорилгоо болгон ажиллаж байгаа.
“Тариа тарьж мал маллах нь баялаг бүтээх хамгийн ариун арга” гэж манай захирал хэлсэн байдаг. Тариа тарина гэдэг нь байхгүйгаас бий болгож, хүн ардын хүнсний аюулгүй байдлыг хангаж байгаа нь маш том буян бүтээж байгаа явдал юм. Бидний үр хойч бидний хийж бүтээсэн зүйлийн үр шимийг хүртэнэ гэдэгт итгэж найдаж өөрийгөө илүү их хурцалж ажилладаг. “Хүн юу тарина, түүнийгээ хураана” гэдгийг бодитоор нь харуулдаг, үр дүн, алдаа дутагдал нь тэр дороо харагддаг салбар учраас би амьдралаа холбосон.
ХАА-н салбарт ажиллах боловсон хүчин бол тулгамдсан асуудлын нэг мөн. Хүн ажиллах, амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй учир бид түүнийг зааж чадахгүй. Гэхдээ ХАА-н салбарт нэг жил ажилласныхаа дараа хүн ажилдаа дуртай болж, өөрийгөө даван туулж, ажиллах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж, цаашид тогтвор суурьшилтай ажилладаг. Цэлгэр талдаа, цэнгэг агаартаа өөрийн дуртай ажлаа хийгээд явж байх үнэхээр сайхан.