“Гацуурт” ХХК-ийн дэргэдэх “Мал амьтны үржил селекцийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

2018.09.20 Мэдээ Read count: 3885


Манай компани өөрийн мал аж ахуйн салбартаа түшиглэн Монгол орны эрүүл, өндөр ашиг шимт мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, малын үржлийн ажлыг орчин үеийн биотехнологийн аргаар гүйцэтгэх, цаашлаад мах сүүний чиглэлийн үүлдрийн малыг үржүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжийг Монголдоо бий болгох төсөл маань амжилттай хэрэгжиж албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 09-р сарын 19-ний өдөр “Хүнс Трейд” ХХК-ийн байранд амжилттай болж өнгөрлөө.

Тус нээлтэнд “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат, Францын элчин сайдын яамны ХАА-н атташе Mrs Nathalie Hussonnois, Франц улсын IMV Technology компанийн сургалтын инженер Stephane Liagre, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, МХЕГ-ын ахлах байцаагч Д.Цэрэндулам, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Халдварт өвчин, дархлаа судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан В.Батбаатар болон олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Мал амьтны үржил селекцийн төв нь мал үржлийн чиглэлээр мэргэшсэн 10 гаруй мэргэжилтэн, монгол оронд нутагшсан өндөр ашиг шимт 4 үүлдрийн үхэр сүрэг, бух байрлах зориулалтын хашаа саравчтай бөгөөд жилд 200,000 гаруй тун үйлдвэрлэж, урт хугацаанд хадгалах, 6000 гаруй үнээнд зохиомол хээлтүүлэг хийх хүчин чадалтай юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр малын сарааны хэсэгт үр үйлдвэрлэлд ашиглах малыг хэрхэн сонгон авах, бэлтгэх, тэжээх болон арчилгаа маллагааны тухай, үр гарган авах хэсэгт үр гарган авах процесс болон эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангах, лабораторийн хэсэгт гарган авсан үрийн чанарын болон тоон шинжилгээг хэрхэн хийх, үр үйлдвэрлэх процесс болон үйлдвэрлэсэн үрийг хадгалах талаар танилцууллаа.