Дэлхийн шилдэг үйлдвэрлэгч MERLO компанийн сургалтанд хамрагдлаа
2019 оны 03-р сарын 09-18-ны хооронд Итали улсад зохион байгуулагдсан Merlo компанийн техник технологийн танилцуулга сургалтанд “Гацуурт” ХХК-ийн хөдөө аж ахуй, гадаад харилцааны ажилтнууд 2 дахь жилдээ хамрагдлаа.
Энэхүү сургалт нь Итали улсын Cuneo хотноо байрлах Merlo компанийн байранд зохион байгуулагдсан бөгөөд Ази тивийн дилерүүд болох Монгол, Япон, Индонези, Тайвань, Филиппин, Солонгос, Тайланд, Вьетнам улсын дилер байгууллагуудын төлөөлөгч нар оролцжээ.
Сонирхуулахад, Мерло гэр бүлийнхэн нь анх 1911 онд төмөр эдлэл, засварын цех байгуулсан ба үүнээс хойш үйлдвэрлэл нь өргөжин тэлж, танкны болон төрөл бүрийн машин механизмын эд анги, төмөр эдлэл хийдэг болсон. Үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр 1964 онд Merlo компанийг албан ёсоор үүсгэн байгуулж Cuneo хотын ойролцоо анхны үйлдвэрийн сууриа тавьсан түүхтэй.
Хамгийн анх 1966 онд бетон зуурмагийн машин үйлдвэрлэж эхэлсэн ба 1981 онд анхны өргөгч ПО үйлдвэрлэснээр үйлдвэрлэлийн нэгэн шинэ эрин эхэлсэн гэж үздэг.
Merlo компани нь 6 салбар компани, 600 гаруй дилертэйгээр 220,000 м2 гаруй талбайд өөрийн үйлдвэрлэлээ явуулж байна. Нийт бүтээгдэхүүний 90% орчим нь бусад улс орнуудад буюу гадаад зах зээлд худалдаалагддаг салбартаа тэргүүлэгч компани юм.
9 өдөр үргэлжилсэн тус сургалтын хугацаанд Меrlo компанийн бүтэц, үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж засвар үйлчилгээний зааварчилгаа, сургалт, шинэ тоног төхөөрөмжийн танилцуулга, технологийн дэвшил, программ хангамж, оношлогоо зэрэг онол, практик хосолсон цогц сургалтанд хамрагдаж чадсан юм.
Сургалтанд хамрагдсан “Гацуурт” ХХК-ийн ажилтнууд өөрийн компанийн ХАА-н ажилтнуудад Merlo компанийн тоног төхөөрөмжийн сургалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.