“Гацуурт” ХХК чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох Н.Наранцацрал охинд амжилт хүслээ

2018.10.24 Мэдээ Read count: 2338


2018 оны 11-р сарын 11-ний өдрөөс 18-ны хооронд Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдах 23 хүртэлх насны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн эрэгтэй 10, эмэгтэй тамирчин 10 оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Тус тэмцээний 59 кг-ийн жинд оролцох Нармандахын Наранцацрал охинд “Гацуурт” ХХК-аас мөнгөн хандив болон үнэ бүхий зүйлийг бэлэг болгон өглөө.

Н.Наранцацралын спортод хөл тавьсан түүх, амжилтын түүх болон аав ээжийнх нь бяцхан дурсамж өгүүлсэн ярилцлагаас та бүхэнд хүргэж байна.


Сур: Удахгүй болох тэмцээнд нь компанийнхаа нийт хамт олны өмнөөс өндөр амжилт хүсье. Тэмцээний бэлтгэл нь хангагдаж дууссан уу?

Н.Наранцацрал: Гацуурт компани болон нийт хамт олонд нь чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа юуны өмнө хэлэхийг хүсэж байна. Та бүхний бэлэг надад маш их эрч хүч өгч, дэмжлэг болж чадлаа. Бид дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлээ хавраас эхэлсэн. Одоогоор тэмцээний бэлтгэл 80%-тай хангагдаж, явах бэлтгэлээ бас давхар хийж байна. Гадны улс руу тэмцээнд оролцохоор явахад олон асуудал гарч ирдэг юм байна. Энэ асуудлыг маань шийдэхэд тусалсан та бүхэнд баярлаж байгаагаа дахин хэлье.

Сур: Аав ээж нь өөрсдөө тэмцээнд явах гэж байгаа юм шиг л догдолж, сандарч, бүх л талаараа охиноо дэмжиж байгаа нь харагдаж байна. Хэрхэн тамирчин болсон, аав ээж нь бөхийн спортоор хичээллэхэд хэрхэн дэмждэг тухай товчхон танилцуулаач.

Н.Наранцацрал: 2014 оноос эхлэн тасралтгүй 4 жил чөлөөт бөхөөр хичээллэж байна. Манайхнаас намайг хамгийн их дэмждэг хүн нь манай аав. Аав маань залуудаа чөлөөт бөхөөр барилддаг байсан спортын мастер хүн. Тухайн үед би чөлөөт бөхөөр хичээллэх боломжтой байсан ч сайн багш таараагүйгээс бөхөөрөө тууштай хичээллэж чадаагүй. Миний том ах, дунд ах 2 бас барилддаг. Нэг удаа дунд ахынхаа бэлтгэлд нь хамт очоод хэдэн дасгал хөдөлгөөн сонирхлоороо өөрөө сурчихсан. Тэгээд гэртээ ирээд оролдоод үзсэн чинь боломжийн байсан болохоор урам ороод барилдахаар шийдсэн. Манайхан гэр бүлээрээ спортлог хүмүүс болохоор бүгдээрээ намайг дэмждэг. Би бас барилдахын хажуугаар бүжиглэдэг, усан спортоор хичээллэдэг.

Сур: Н.Наранцацрал багадаа хэр хүүхэд байсан бэ? Спортын хүн болох шинж байсан уу?

Аав ээж: Охин маань багадаа маш их хөдөлгөөнтэй, бас бүжгийн эвсэлтэй хүүхэд байсан. Гэрт морины хүүхдүүд цуглахаар тэдэнтэй нийлээд сахилгүйтээд л, ноцолдоод л байж байдаг хүүхэд байлаа. Яг л эрэгтэй хүүхэд шиг.

Сур: Өмнө нь ямар ямар тэмцээн уралдаанд оролцож байсан бэ?

Н.Наранцацрал: 2015 онд “Налайх цом” олон хотын нээлттэй тэмцээнээс хүрэл, 2016 онд БЗД-ийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2017 онд “Оддын гараа” өсвөрийн олон хотын нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн 1-р сард Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойннэрэмжит чөлөөт бөхийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Мөн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдыг сонгох “Сорилго” тэмцээнд оноогоороо нэгдүгээрт эрэмбэлэгдэн ДАШТ-д орох эрхээ авсан. Олон улсын чанартай тэмцээнд анх удаагаа явах гэж байна. Мөн 2018 оны дүүргийн шилдэг хүүхдээр шалгарсан.

Сур: Хамгийн хөгжилтэй болон хамгийн өрсөлдөөнтэй, сэтгэл догдлуулсан тэмцээнээсээ сонирхуулахгүй юу?

Н.Наранцацрал: 2015 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд маш их өрсөлдөөнтэй болсон. Эхний 3 тойрог сайн барилдаад зооны аваргын төлөө барилдахдаа надаас насаар ах, туршлага ч ихтэй чанга өрсөлдөгчтэй таарч харамсалтайгаар ялагдсан юм. Тэгээд хүрэл медалийн төлөө барилдахдаа өмнөх ялагдлынхаа сэтгэлзүйн байдлаас гарч чадалгүй муу барилдаад хасагдсан. Миний сэтгэлзүй зөвхөн алт авна гэж тэмцээндээ орсон болохоор хамгийн харамсалтай тэмцээн минь юм даа.

Сур: Энэ дашрамд мэдээж багшийнхаа тухай дурдахгүй өнгөрч болохгүй байх?

Н.Наранцацрал: Тэгэлгүй яахав. Би анх 14 настайдаа Спортын төв ордоны Цогтбаяр багшид шавь орсон. 2017 оноос хойш Алдар нийгэмлэгт Гавъяат тамирчин Цогтбаяр, Гавъяат дасгалжуулагч Хосбаяр багшийн удирдлагад дасгал сургуулилтаа хийж байна.

Сур: Ярилцлагынхаа сүүлийн хэсгийг чамд үлдээе.

Н.Наранцацрал: Энэхүү тэмцээнд оролцоход бүх талаар минь дэмжиж тусалж байгаа аав ээж, багш, найз нөхдөдөө баярлалаа гэж хэлье. Мөн танай компанийн хамт олон маш том дэмжлэг болж байгаа учраас бүх чадлаараа хичээж амжилт гаргаад ирнэ ээ.

Сур: Дэлхийн дэвжээнд улс эх орныхоо далбааг мандуулан уулзахын ерөөлийг өргөж энэхүү ярилцлагаа дуусгая.

Ярилцсан: Захирлын туслах П.Оюунгэрэл