ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс Хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүд “Гацуурт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2023.05.10 Гадаад харилцаа, Мэдээ Read count: 1043

    2023 он 05 дугаар сарын 04-ний өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс Хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүдийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлах “Гацуурт” ХХК-ийн Газар тариалан, мал аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцах айлчлалыг Сэлэнгэ аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газартай хамтран амжилттай зохион байгууллаа.

    Энэхүү айлчлалд Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Дареев Галсан Евгеньевич, ХХААЯ-ны Хөдөөгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хорооны дарга Цыбиков Евгений Александрович, ХХААЯ-ын Газар тариалангийн үйлдвэрлэл, механикжуулалт, орчин үеийн техник, технологийн  хэлтэсийн дарга Тодорхоева Туяна Борисовна, ХХААЯ-ын Хөрөнгө оруулалт гадаад харилцааны хэлтэсийн дарга Сахьнова Лариса Владимировна төлөөллүүд болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлууд хүрэлцэн ирсэн юм.

    “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат зочдыг хүлээн авч Монгол улсдаа анхдагч, Дани улсад захиалгаар үйлдвэрлэгдэж, тусгай техник технологийн дагуу мэргэжилтнүүд угсарсан бүх төрлийн таримал, ургамлын үрийг цэвэрлэх, ариутгах зориулалттай, 24 цаг тасралтгүй ажилладаг Үр цэвэрлэх үйлдвэрийн хаврын тариалалтын таримлын үрийг цэвэрлэж, ариутган талбайд нийлүүлэх, тариалангийн талбайд үрэлгээ хийж буй явцыг танилцууллаа. Мөн мал аж ахуйн салбарын үйл ажиллагаа, ашиглаж буй техник тоног төхөөрөмж, баримталж буй бодлого чиглэлийг тайлбарлав.

    Тус уулзалтаар Бүгд найрамдах Буриад улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Дареев Галсан Евгеньевич цаашид газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.